Нийгмийн Хариуцлага

GOBI CUSTOMER CARE

ГОВИЙН БҮСИЙН НҮҮРСНИЙ КОМПАНИУД CATЫН ШИНЭ МЭДЭЭЛЛҮҮДЭЭР ЦЭНЭГЛЭГДЭВ 


Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төвийг саяхан нээсэн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК говийн бүсийн нүүрсний компаниудад зориулан “Gobi Customer Care” өдөрлөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь
Говийн Бүсийн Сэлбэг Түгээх төвд амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 23-нд болсон тус өдөрлөгт Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн “Тавантолгой” ХК болон бусад гэрээт олборлогчдын төлөөллүүд өргөнөөр оролцож, дэлхийн брэнд бүтээгдэхүүний сэлбэг хангамж, бэлэн байдал, шинээр нэвтэрч буй тоног төхөөрөмжүүдийн талаар цогц мэдээллийг авсан юм. Өдөрлөгийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Аналитик болон Инновацийн газрын захирал С.Цэрэнням нээж үг хэлсэн юм. Тэрээр, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани анхны булдозероо 1994 онд Шивээ-Овоогийн уурхайд нийлүүлснээс хойшхи хугацаанд үйл ажиллагаа өргөжсөөр өнөөдөр Монгол Улсын топ 20 аж ахуйн нэгж болсон гэдгийг тодотгож байлаа.

 2014 онд Монголын анхны, хамгийн томд тооцогдох CAT брэндийн буюу олон улсын 5 одны стандартыг хангасан уул уурхайн тоног төхөөрөмжийн нэгдсэн агуулах болох Говийн сэлбэг түгээх төвийг байгуулсан нь Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээг хангасан томоохон дэвшилттэй алхам болжээ. Катерпиллар бол үндэстэн дамнасан буюу эдүгээ 189 оронд үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсын эдийн засгаас дөрөв дахин том санхүүгийн чадавхитай корпораци юм.

Монголын нүүрсний салбарт нийлүүлэгдсэн нийт тоног төхөөрөмжүүдийн 70% хувийг Катерпилларын тоног төхөөрөмжүүд эзлэдэг байна. Тэгвэл уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт техник, тоног төхөөрөмжүүдийн 30-40%-ийг мөн л Вагнер Азийн тоног төхөөрөмжүүд бүрдүүлж байх жишээтэй. Статистикаас харахад, дэлхий даяар нийлүүлэгдсэн автосамосвалуудын 50%-ийг Катерпилларын том оврын CAT 773 дангаар бүрдүүлдэг аж.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдааны хэлтсийн Ерөнхий менежер А.Жанчив өдөрлөгийн илтгэгчдийн салхийг хагалж, “Вагнер Ази өнөөдөр” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Тус компанийн өнгөрсөн 22 жилийн хугацаанд Монголын уул уурхайн зах зээлд үлдээсэн түүхийг дурьдахдаа дэлхийн хамгийн шилдэг технологи, бэлэн байдал, үр ашигтай тоног төхөөрөмжүүдийн талаарх ойлголтыг харилцагчиддаа өгч чадсан хэмээн тодорхойлов.
        

Тус компани манай улсын уул уурхайн салбараас олсон орлого бүрээ эргүүлээд үйл ажиллагаандаа, бүр тодруулбал Монголдоо зарцуулж ирсэн байдаг. Азидаа нэгд орох 5 одтой говийн бүсийн сэлбэгийн агуулах, дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн дэмжих сервисийн баг, хүний нөөцийн чадавхи, компанийн зүгээс ажилчиддаа хандаж явуулсан халамжийн бодлогууд, нийгмийн хариуцлагын олон талт ажлууд гээд дурьдаж болно.

Өнөөдөр Катерпиллар брэндийн тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа Монголын 84 уурхай бий. Эдгээр уурхайд 1016 ширхэг тоног төхөөрөмж ажилладаг гэсэн тоон судалгаа байна. Үүнээс нүүрс, зэс, төмрийн хүдрийн 29 уурхайд CAT брэндийн 742 тоног төхөөрөмж ажиллаж байгаа юм.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн тоног төхөөрөмжүүд, ялангуяа CAT349 D2L, CAT 390 FL болон сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох CAT D6, D8 бульдозеруудын талаар цогц мэдээллийг тус компанийн Худалдааны төлөөлөгч Т.Сансар өглөө. Хамгийн бага зардлаар, хамгийн үр бүтээмжтэй үйл ажиллагаа явуулахыг хэрэглэгчид ямагт хүсдэг. Тэгвэл Катерпиллар корпораци нь бүтээгдэхүүндээ хөгжүүлэлт хийхийн тулд өдөр 8 сая ам.долларыг зарцуулдаг байна. Энэ бүхэн мэдээж хэрэглэгчдийн хүсэн хүлээж байдаг хамгийн үр ашигтай, хамгийн бага зардалтай ажиллах технологийн шийдлүүдийг санал болгодог ажээ.

Тавантолгойн уурхай дээр хамгийн их хэрэглэгддэг, бүтээмж өндөртэй нь CAT 390 гидравлик экскаваторууд юм. CAT349 D2L, CAT 390 FL загварын цоо шинэ экскаваторыг хэрэглэгчиддээ танилцуулах үүднээс агуулахад тусгайлан байршуулсан байв. CAT349 D2L загварын тухайд хэмнэлтийн горимыг үр ашигтай хэрэглэснээр түлшний зарцуулалтыг 24% хүртэл бууруулах ба энэ үед ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөөлөл үүсэхгүй гэдгийг Т.Сансар тайлбарлалаа. Энэхүү экскаваторын гидравлик систем нь хэрэглэгчийн бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд ангилалдаа тэргүүлэх зэргийн үр бүтээлтэй ажиллахад зориулан бүтээгдсэн байна. Харин CAT 390 FL экскаваторын хувьд 2016 оноос хойш шинэчлэгдсэн ба барилга болон уурхайн зориулалтаар бүтээгджээ. Өдөрлөгийн үеэр Капитрон банкны зүгээс хэрэглэгчиддээ онцгой урамшуулал бүхий хөнгөлттэй зээлийн нөхцлийг санал болгож буйгаа дуулгасан.



“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Худалдааны төлөөлөгч С. Сайнбилэг нүүрсний ачилтад зориулагдсан SEМ брэндийн тоног төхөөрөмжийн талаар хэрэглэгчдэд түлхүү ойлголт өглөө. Катериллар корпораци Хятад улсын Шандун мужийн Чинжөү хотод байрладаг, 60 гаруй жилийн түүхтэй SEM брэндийн үйлдвэрийг 2007 оноос эхлэн бага хувиар худалдаж авсаар 2014 онд 100% эзэмшилдээ авчээ. Монголын зах зээлд 2010 оноос хойш нийт 400 гаруй SEM брэндийн техникүүдийг нийлүүлжээ. Үүнээс нүүрсний салбарт ашиглаж байгаа дугуйт ачигчийн 21%-ийг уг брэндийн ачигч эзэлж байна.


Цагаан хадны нүүрс ачиж буулгах талбайд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй компани SEM-ийн дугуйт ачигчийг хэрэглэж байгаа аж. SEM 655D-ийн хувьд нүүрс ачиж буулгах зориулалттай бөгөөд 4.5м3 шанага, урт
асгасан сум, шинэчилсэн бүхээг, түлш хэмнэлт зэргээрээ онцгой ялгардаг. Энэ загвар нь борлуулалт болон үзүүлэлтээрээ Хятад улсдаа тэргүүлэх байр эзэлж байсан ZL50F ачигчийн их биед суурилагдан, шинэ технологи бүхий хувилбар аж.

 

“Gobi Customer Care” өдөрлөгт “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн эрчим хүчний салбар хариуцсан Худалдааны менежер Б.Цэрэнчунтын CAT цахилгаан үүсгүүр буюу генераторын тухайн танилцуулга хэрэглэгчдийн сонирхлыг мөн татаж байлаа. Монголын генераторын хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг тэрээр цахилгаан үүсгүүрийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн томоохон төслүүдээ танилцуулав. Тухайлбал, 2011 онд Эс Жи Эс ХХК-д 12 Мвт дизель цахилгаан үүсгүүр, 2013 онд МАК ХХК-д 7.2 Мвт-ын дизель цахилгаан станц, 2015 онд Худалдаа, хөгжлийн банкны Дата төвд 24 Мвт нөөцийн цахилгаан үүсгүүр, мөн Оюутолгойн ХХК-ийн сайт дээр “Премиум Конкрит” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрт 24 Мвт- ын цахилгаан үүсгүүрийг тус тус суурьлуулжээ. 2016 оноос өмнө “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани 7.5-55D kВа бүхий олимпиан (GEP 7.5-GEP 55D) генераторуудыг хэрэглэгчиддээ танилцуулж байсан бол САT өөрөө уг брэндийг үйлдвэрлэгч болжээ. Өдөрлөгийн үеэр хэрэглэгчиддээ сонирхуулах үүднээс хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий генераторыг тайзны өмнө байршуулсан байв.

 

БИД 2018 ОНД CAT-ЫН СЭЛБЭГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТАЛААР СУРГАЛТУУДАА ТҮЛХҮҮ ЧИГЛҮҮЛЖ АЖИЛЛАЛАА


“Вагнер Ази Тоног Төхөөрөмж”ХХК-ийн Худалдааны хэлтсийн Ерөнхий менежер А.Жанчив:

Энэ удаагийн “Gobi Customer Care” өдөрлөгийн онцлог юу байна вэ?

Өдөрлөгийн үр дүнд харилцагчид маань энэ ондоо дуусгавар болох урамшууллын талаар цогц мэдээллийг авлаа. Түүнээс гадна үйл ажиллагаандаа илүү таарч тохирох тоног төхөөрөмжүүдийг хэрхэн сонгох вэ гэдэг дээр ойлголт авсан байх гэж бодож байна. Тухайлбал, CAT 349 гидравлик экскаватор орон нутгийн Тавантолгой компанийн туслан гүйцэтгэгч компаниудын хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тоног төхөөрөмж. Тэдний ашиглаж буй автосамосвалуудтай маш сайн хоршиж ажилладагаараа энэ техникийн давуу тал оршиж байна. Мөн SEM 655 брэндийн дугуйт ачигчийг нүүрсний ачилтанд маш ихээр ашигладаг.

 

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн уул уурхайн салбарт хэрэгжүүлсэн ажлууд, түүхийн талаар Та илтгэлдээ дурьдлаа. 2018 оны хувьд хамгийн онцлохоор ямар ажлууд байна вэ?

2018 оны хувьд машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдал гэдэг ойлголтыг түлхүү өгөхийг хичээсэн. Тийм ч учраас өнгөрсөн гуравдугаар сард алтны салбарынханд зориулсан CAT CARE” өдөрлөг, “Coal Mongolia” болон “Mining Mongolia” форум, мөн манай компанийн зүгээс зохион байгуулсан “Mining Forum”-д илтгэсэн үндсэн сэдэв маань сэлбэгийн бэлэн байдлын тухай байлаа.


ХАМГИЙН БАГА ЗАРДЛААР, ХАМГИЙН ҮР АШИГТАЙ АЖИЛЛАХ ОЙЛГОЛТЫГ ӨГЧ ЧАДДАГ КОМПАНИ БОЛ ВАГНЕР АЗИ

 

“Хишиг Арвин Индустриал” компанийн хангамжийн менежер С.Наранбаатар:

Манайд ашиглагдаж байгаа нийт тоног төхөөрөмжийн бараг 80 орчим хувь нь CАТ-ын тоног төхөөрөмжүүд. Хамгийн гол зүйл бол сэлбэг, бараа материалын бэлэн байдал. Хамгийн бага зардлаар, хамгийн үр ашигтай ажиллах тухай ойлголтыг өгч чаддаг компани бол “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани. Тийм ч учраас говийн бүсийн сэлбэг худалдааны төв дэргэд байгаа нь том давуу тал болж байна.


МАНАЙ АГУУЛАХАД CAT-ЫН 16 МЯНГАН НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БИЙ

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций салбар дахь Говийн бүсийн сэлбэгийн түгээх төвийн сэлбэгийн хэлтсийн менежер Г.Галмандах:

 

Манай агуулах 2014 онд анх ашиглалтад орсон. Энд одоогоор 21 мянган нэр төрлийн сэлбэг хэрэгсэл бий. Үүнээс 15-16 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн нь зөвхөн CAT-ынх. Одоогоор манай агуулахад 40 орчим сая ам.долларын сэлбэг хэрэгсэл байна. Үүнээс 17 сая ам.долларын сэлбэгт хөдөлгүүр болон түүнтэй адилтгах зүтгэх хүч зэрэг тоног төхөөрөмжүүд бол үлдсэн 19 сая ам.долларынх нь бусад жижиг төрлийн сэлбэг байгаа юм.

 

Р.СЭДДОРЖ: КАТЕРПИЛЛАРЫН ТЕХНИКҮҮД НҮҮРСНИЙ САЛБАРТ ШАЛГАРСАН


“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-иас говийн бүсийн нүүрсний компаниудад зориулан “Gobi Customer Care” өдөрлөгийн арга хэмжээнд Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж оролцсон юм. Саяхан тус компани CAT390 F L гидравлик экскаваторыг хүлээн авч, уурхайн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн билээ. Ингээд түүний сэтгэгдлийг сонирхов.

 

Тавантолгой ордын анхны эзэд бол Тавантолгой ХК гэдгийг Таны ярианаас олон сонссон. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
Тавантолгой гэдэг бол өмнийн говьд байдаг нүүрсний том орд газрын нэр. Энэ ордын хамгийн анхны эзэд бол манай хамт олон. 1966 онд улсын үйлдвэрийн газар болон ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүс манай уурхайг жижиг Тавантолгой гэж нэрлэдэг. Манай ахмад уурхайчид ингэж нэрлэхэд дургүй байдаг. Тавантолгой ХК болон орон нутгийн өмчийн оролцоотой хувьцаат компани.
Өмнөговийн иргэдийн оролцоотой ганц компани бол манайх. Компанийн 51%-ийг Өмнөговь аймгийн 70 гаруй мянган иргэн, үлдсэн 49% нь дэлхийн 23 орны иргэд эзэмшдэг. Миний хувьд Тавантолгой ХК-ийн 11 дэх захирал нь.
 
52 дахь жилдээ говийн аймгуудын эрчим хүчний нүүрсийг хангаж байгаа Тавантолгой ХК-ийн хувьд 2017 он хамгийн өгөөжтэй, үр бүтээлтэй ажилласан жил байсан. 4.1 сая тонн нүүрс олборлож борлуулсан амжилтаараа, бас улсад төлсөн татвараараа танай компани тэргүүлэх эгнээнд явж ирсэн. Энэ жил компанийн нөхцөл байдал ямар байна вэ?
 
Манай компани 2004 оноос эхлэн Монголдоо анхны нүүрсний экспортыг эхлүүлсэн. Өнөөдөр 1 тонн нүүрсийг 15 мянган төгрөгөөр борлуулж байна. Үндсэндээ гурав дахин алдагдалтай үнэ. Ард иргэдийнхээ амьдрал, ахуйг тэтгэх үүднээс нүүрсээ ийм үнээр борлуулдаг. Говийн аймгуудын эрчим хүчний нүүрсийг манайх хангаж байна. Бид гурван тийшээ татвар төлдөг, өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэлх хувийг, Цогцэций сумын төсвийн 90 хүртэлх хувийг, улсын төсөвт татвар төвлөрүүлдэг. Монгол Улсад татвар төлдөг 40 гаруй мянган аж ахуйн нэгжүүдээс татвар төлөлтөөрөө эхний зургаадугаарт жагсаж ирсэн гэдгийг тэмдэглэхэд таатай байна.
 
2017 он бол манай компанийн хувьд түүхэн амжилттай, ялангуяа санхүү, ашиг орлого, ногдол ашгийн хувьд рекорд тогтоосон он жил байлаа. 4.1 сая тонн олборлон борлуулж, 190 гаруй тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүллээ. Харин Эрдэнэс Тавантолгойгоос 268 мянган тонн нүүрс алдагдсан гэх хэргээс үүдэлтэй аудитын шалгалт манай ажлыг бараг хоёр сар орчим саатууллаа. Энэ нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
 
Саяхан танай компани CAT 390 F L гидравлик экскаватороор хүч нэмлээ. Энэ техникийн давуу талыг Та хэрхэн тодорхойлох вэ?
 
Манай компани хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлтийг дэс дараатай хийж ирсэн. Энэ удаад үйл ажиллагааны цар хүрээг тэлж 523 морины хүчин чадалтай, 88 тонны ажлын жинтэй хамгийн сүүлийн үеийн Product Link, Vision Link технологи суурилагдсан, операторын ая тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан CAT 390F L гидравлик экскаватораар
хүч нэмлээ. Гидравлик экскаваторыг хүлээж авах ёслол 11 дүгээр сарын 17- нд болсон. Манай талаас компанийн ТУЗ-ын дарга С.Мөнхбаяр болон миний бие, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдааны ерөнхий менежер А.Жанчив, Худалдааны төлөөлөгч Т.Сансар болон бусад удирдах албаны ажилчид, уурхайчид оролцсон ёслол төгөлдөр арга хэмжээ болсонд бидний зүгээс талархалтай байна.
 
"Тавантолгой" ХК-аас гадна туслан гүйцэтгэгч компаниуд Катерпилларын тоног төхөөрөмжүүдийг ашигладаг юм байна?
Манай компанийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг найман компани Катерпилларын тоног төхөөрөмжүүд нэлээд худалдаж авдаг. Цагаан хадны гаалийн хяналтын талбай дээр ажилладаг компаниуд ч манайхтай хамтарч ажилладаг.
Тэдний тоног төхөөрөмж худалдаж авах баталгааг нь манай компани гаргаж өгдөг. Нүүрсний худалдан авагч Хятадын гэрээт компаниуд ч бидэнтэй холбоотой ажилладаг. Манай компани өнгөрсөн онд 100 компанитай гэрээ хийж ажиллалаа. Катерпилларын экскаваторууд бол нүүрсний салбарт шалгарсан техник. Ямар нэгэн өрсөлдөгч байхгүй. Үйлчилгээ, сервис нь найдвартай. Агуулах нь ойрхон болохоор бидний үйл ажиллагаанд маш дөхөмтэй. Говийн бүсийн сэлбэгийн агуулахад бүх төрлийн бүтээгдэхүүн байдаг.
Gobi Customer Care өдөрлөгийн үйл ажиллагаанд та оролцсон. Ийм төрлийн сургалтууд та бүхэнд мэдлэг, мэдээллийг их өгдөг байх нь эргэлзээгүй. Таны хувьд ямар мэдээллийг түлхүү сонссон бэ?
 
Өдөрлөгийн мэдээллүүд үнэхээр таалагдлаа. Туслан гүйцэтгэгч бүх компанийн төлөөлөл энэ арга хэмжээнд оролцсон. Ийм сургалтыг улирал болгон хийж байх хэрэгтэй санагдсан. Даланзадгадаас техник, технологийн чиглэлээр суралцаж байгаа залуусыг оролцуулмаар байна. Уул уурхайд хүчин чадалтай техникүүд ямар үр өгөөжтэй ажилладаг юм, улсын төсөв бүрдүүлэхэд эдгээр техник ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг ард иргэдэд ч ойлгуулах хэрэгтэй байх.
Facebook Twitter Google Plus